УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан “Шинэ Мөрөн” орон сууцны хороолол шаваа тавьлаа

Хөвсгөл аймгийн Мөрөн хот нь хүн амаараа нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дараа дөрөвдүгээр, бусад аймгийн төвүүдээс хамгийн олон хүн амтайд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд хүн ам өсч, өрхийн тоо нэмэгдэж байгаагаас агаарын бохирдлын түвшин ихсэж байгаа. Мөн Мөрөн хот удахгүй дулааны станцтай болж байгаа зэрэг олон шалтгааны улмаас айл өрхүүдийг орон сууцжуулах, гэр 

хорооллыг дулааны шугамд холбогдсон тохилог амины орон сууцжуулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Шинэ Мөрөн” хөтөлбөрийг санаачлан, орон сууцны хорооллын инженерийн зураг төсвийг бэлэн болгосон байна. Мөрөн хотын баруун зах буюу төв цэнгэлдэх хүрээлэнгээс хойш 5,8 га талбайд Шинэ Мөрөн хорооллын эхний ээлжийн 550 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөж  2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Морин цагт шаваа тавьлаа. “Шинэ Мөрөн” орон сууцны хорооллын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, хөтөлбөрийн санаачлагч Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Мөрөн сумын ЗДТГ-ын хамт олон, Мөрөн хотын иргэдийн төлөөлөл оролцож “Шинэ Мөрөн” хороолол баригдах хэрэгцээ шаардлага маш их байгааг онцолж байлаа. “Шинэ Мөрөн “ хорооллын 1 мкв-ийн үнэ зах зээлийн үнэ ханшаас бага байх, дундаж орлоготой иргэд бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдах боломжоор хангах, хорооллын төлөвлөлтийг алслагдсан, анги дүүргэлт багатай сургуультай ойртуулж, 90 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, төрийн байгууллага үйл ажиллагаа явуулах барилга зэргүүдийг багтааж өгсөн байна. Ирэх 2014 оноос “Шинэ Мөрөн” хорооллын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхлэх юм.